Амьдралд минь тулгарсан аймшигт сонголт...
201805/scale_600.jpg

Энэхүү аймшигт түүхээ ингээд ярьж чадна гэж хэзээ ч бодож байсангүй. Гэвч аль хэдийн гурван жилийн нүүр үзэж, зовлон шаналал харьцангуй багасан, хүү минь надад амьдрах эрч хүчийг өгч байгаа болохоор тэр байх.

Хүү минь ганцаараа үлдсэн юм. Гэвч түүнийг цоо эрүүл төрүүлж өгсөн Бурханд талархаад баршгүй.

Би аз жаргалаар цалгисан залуухан гэргий байлаа. Жирэмсэлснээ мэдээд бараг л хөл газар хүрэхгүй баярлав.

Анх удаа ЭХО-д харуулаад хоёр ихэр тээж байгаагаа мэдлээ. Ингээд бид удтал хүсэн хүлээсэн үрсдээ зориулан хоёр хүүхдийн өрөө бэлдэж эхлэв.

Бид хоёр тэдэндээ нэр хүртэл бодож олов. Ялимгүй санал зөрөлдөж маргалдсаны эцэст тэднийгээ Дима, Адам хэмээн нэрлэхээр тогтлоо.

Жирэмсний хоёр дахь хагасаас асуудлууд үүсч эхлэв. Хожуу үеийн хордлого, тааруухан шинжилгээнүүд.

Ингээд төлөвлөгөөт бус үзлэг хийлгэн, ЭХО-д харуулсны дараа эмч юу ч хэлэлгүйгээр өрөөнөөс гараад явчихав. Дараа нь тодруулснаар, тэрээр бусад эмч нартайгаа зөвлөлдөхөөр явсан юм билээ.

Би гайхан, сандарч байсан боловч хэвлий дотор тэд маань хөдлөх нь мэдрэгдэж байсан учраас ялимгүй тайвширч байсан юм. Тэд амьд байгаа юм чинь бусад зүйл ялимгүй асуудал хэмээн бодож байлаа.

Гэвч бүх зүйл аймшигтайгаар эргэв. Намайг ерөнхий эмчийн өрөөнд дуудаж, ихрүүдийнхээ аль нэгийг сонгох ёстойг хэллээ. Тэгэхгүй бол тэднийг аврах боломжгүй гэв.

Яаж ингэж болох гэж? Би огтхон ч ойлгосонгүй. Яаж би нэг хүүгээ сонгоод, нөгөөхийг нь хөнөөх гэж? Тэд маань хэвлий дотор байна! Хоёулаа амьд!  Тэдний хэн нь ч амьдрахын тулд нөгөөгөөсөө илүү эрх эдлэх ёсгүй!


Гэвч эмч нар маш нарийн тайлбарлаж өглөө. Ихрүүдийн нэг нь харьцангуй том, хэвлий дотор яг л ганцаараа байгаа мэт өсч хөгжиж байгаа учраас хоёр дахь ихэр нь зовж байгаа аж.

Хоёр дахь хүүхэд харьцангуй жижгэвтэр байгаа нь зураг дээр тод харагдаж байв. Түүнд том биетэй ах нь дарамт үзүүлж байгаа учраас бие организм нь зохих ёсоор хөгжиж чадахгүй байгаа бололтой.

Хэрэв одоо том хүүхдийг “төрүүлэхэд” хүрвэл тэр амьдарч чадахгүй, тэгээд ч жижиг нь бүрэн гүйцэд хөгжиж чадна гэдэг эргэлзээтэй. Харин хэрэв жижгийг “салгачихвал” нөгөө хүүхэд нь эрүүл чийрэг мэндлэх илүү их боломжтой болох гэнэ.

Үүнийг сонсоод би зүгээр нэг уйлсангүй, бүр байдгаараа цөхрөн ориллоо.

Би яагаад хөвгүүдийнхээ нэгийг заавал хөнөөх ёстой гэж? Бүх зүйл бүтээд, тэд хоёулаа эрүүл саруул мэндлэх ч юм билүү!

Гэвч эмч нар өөрсдийн байр суурин дээр баттай зогсож, өөрсдийнхөө зөв гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байсан учраас яалт ч үгүй зөвшөөрөхөд хүрэв. Гэвч хүүхдүүдийн маань хэн нь амьдарч, хэн нь үхэх гэдгийг би шийдэх эрхгүй, тиймээс эмч нар өөрсдөө шийдэх хэрэгтэй гэдгийг хэллээ.

Тэд шийдлээ. Маргааш нь ажиллагаа эхлэв. Хэвлий дотроос жижиг хүүг минь гаргалаа. Тэр хэвлий дотор хөдлөн амьтай байсныг үл харгалзан, түүнийг сэхээн амьдруулахыг ч оролдсонгүй.

Дараа нь баахан дусал тариа, аймшигт хар дарсан өдөр шөнүүд...

Хэвлий дотор минь үлдсэн хүүхдийнхээ төлөө намайг амьдрах ёстойг сэтгэлзүйч ойлгуулж чадлаа. Хамгийн гол нь, тэр хүүхэд юунд ч буруугүй гэдгийг ойлгох ёстой гэж.

Тэр амьдрахыг тийм их хүсч байсан учраас л тэгж их томорсон байх...

Би Димочка хүүдээ маш их хайртай. Мөн Адам намайг уучилж, ахыгаа тэнгэрээс ивээж байгаа гэдэгт би итгэдэг...

Орчуулсан Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ