Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн ”MNTM” нэвтрүүлгийг үргэлжлүүлэн цацахыг хүсчээ
201811/44576971_1864933683591924_4470003396748771328_n.jpg

  "Боловсрол суваг" телевизийн албан ёсны эрхтэйгээр хүргэдэг “Mongolia’s next top model” шоуны оролцогчдын нэг, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн харамсалтай явдлаас үүдэн талийгаачийн гэр бүл, найз нөхөд, хамт олныг хүндэтгэх үүднээс тус нэвтрүүлгийг эфирт цацахыг түр зогсоогоод байсан билээ. Тэгвэл "Боловсрол суваг" телевиз албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэвтрүүлгийг энэ долоо хоногийн ням гаригаас арваннэгдүгээр сарын 18-нд цацаж эхлэхээр болсноо мэдэгдлээ.

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн багийнхан шинэ улирлын  11 дугаарынхаа бичлэгийг 2018 оны наймдугаар сарын 22-ноос аравдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд бичиж дуусгасан байжээ. Нэвтрүүлгийн бичлэг дууссан өдрөөс хойш оролцогчид өөрсдийн гэртээ харьсан ба өнгөрсөн хугацаанд тус нэвтрүүлгийн гурван дугаар үзэгчдэд хүрсэн юм.

Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, нэвтрүүлгээ үргэлжлүүлэн гаргахыг Ч.Чамин-Эрдэнийн гэр бүлийнхэн хүсч, телевизийн хамт олонтой зөвшилцсөн байна. Энэхүү хүсэлт болон телевизийн ажлын онцлогийг харгалзах үүднээс нэвтрүүлгийг цаашид долоо хоног бүрийн ням гаригт үзэгчдэд хүрэхээр болжээ.

Нэвтрүүлгийг хэвийн гаргах хүсэлтийг талийгаачийн ар гэрийнхнээс тавьсан бөгөөд энэ тухай түүний ээж Г.Чимгээгийн захидлыг eagle.mn сайт нийтэлжээ. Түүнд,

"Сайн байцгаана уу, цаг үргэлжид миний охины төлөө чин сэтгэлээ зориулж байсан та бүхэнд юун түрүүнд талархал илэрхийлэн мэндчилж байна. Миний охин хамгийн энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй, нөхөрсөг, зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч байсан гэдгийг энэ мөчид дурсан санаж түүний тухай сайхан бүхнийг та бүхэнтэй хуваалцаж байна. Миний охин хар багаасаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд Монголын болоод дэлхийн загварын салбарт нэр хүндтэй модель болох эхлэлээ тавьж чадсан гэж би боддог юм. Учир нь түүний оролцсон тэмцээн уралдаан, зураг авалт, шоу нэвтрүүлгүүд загварын салбарынхан болоод үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж хэзээд дурсах гайхалтай түүх болж чадсаныг хараад бахархах мэдрэмж төрж буйг илэрхийлье. Түүний мөрөөдөл нь “Next top model” болох байсан. Тиймээс ч "Боловсрол" телевизийн “Mongolia’s next top model” нэвтрүүлэгт амжилттай оролцсоор ирсэн. Түүний болоод зорилго нэгт олон охины мөрөөдлийг биелүүлэхээр ажилласан уг нэвтрүүлгийн багийнхан болоод охиныхоо хүсэл мөрөөдлийг хүндэтгэн үлдсэн дугааруудыг үргэлжлүүлэн цацахыг гэр бүлийнхнийх нь зүгээс албан ёсоор хүсч байна. Бидний уй гашууг хуваалцан нэвтрүүлгээ түр завсарласан телевизийн хамт олонд талархаж, охины минь оролцсон хамгийн сүүлийн нэвтрүүлгийг гаргаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэхийг хүсье. Иймд үзэгч та бүхэн манай гэр бүлийн хүсэлтийг хүлээн авч, нэг зорилгын төлөө хичээн, чамгүй урт хугацааг хамтдаа өнгөрөөсөн оролцогч охид болоод уран бүтээлчдийг хүндэтгэн, “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ элдэв сөрөг сэтгэгдэлгүйгээр хүлээн авч үзнэ гэдэгт найдаж байна. Хүндэтгэсэн Г.Чимгээ" гэжээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
хөөрхийдөө эх хүний сэтгэл иймсайхан
2018-11-13 12:19:03
Eejiig n orovdoj baigaach ene shoug dahin hiihiig eserguutsej bna
2018-11-14 00:54:22
Шинэ мэдээ